Нийтлэгдсэн: ISBN 978-99978-2-580-3. Эдийн засаг, сэтгүүлийн 2025 оны №4(090). Хуудас 29-41
“УЛСЫН НӨӨЦ-60 ЖИЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал”-ын эмхэтгэлд нь оруулах зорилготой. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл өгүүллийг хүлээн авах kh.tserenpil@nema.gov.mn цахим хаяг руу илгээв. 88005794 утсаар ярив. Улсын нөөцийн 60 жилийн ойд зориулж бичив. Цаасан эмхэтгэлд нь НИЙЭЛЭГДЭЭГҮЙ
Бичсэн: А. Чулуунбат, Аж үйлдвэрийн
инженер эдийн засагч, Магистр,
Утас 95286078
Зөвлөсөн: МТХУХ, ЭЗГХХЯ, ХҮЯ-ны ...хэлтсийн
даргаар ажилласан Б.Баярсайхан.
Утас 99115182
УЛСЫН НӨӨЦИЙН БАРААНЫ БОДЛОГО, БҮРДҮҮЛЭЛТ,
ХАДГАЛАЛТЫН ТАЛААРХ ЗАРИМ МЭДЭЭЛЭЛ
ХААНЫ
ЗАРЛИГ
Их Монгол Улсын Төрийг 1229-1241
он хүртэл барьж байсан Өгэдэй хаан “...эд
уурс, мөнгө, сүх, нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин зооринд хадгалж,
тэр байшин балгасыг сахиулъя. Үүнийг зүг бүрээс балгасчин, амучин (аму
будаа** хадгалагч) нарыг томилж сахиулъя”.
“Зуун
хониноос нэжээд зусаг хонь гаргаж, улсын доторх үгээгүй ядуучуудын
тусламж болгож өгтүгэй”. “Цагадай ах зөвшөөрсөн тул бүх улсаас, зүг зүгийн мянгатаас хааны
зарлигаар^ жил тутам, сүрэг хониноос нэжээд шүлгэн иргэ, зуун
хониноос нэжээд зусаг хонь* гаргуулав”...
“Унагачин,
балгасчин, амучныг томилж гаргуулав”. “Улааны морь, шүүсний
хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг*** зэргийг тогтоосон
хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал өрөөлөөр
хагас алдалтан болтугай. Халбага хигээс
дутуулбал хамар хагас алдалтан болтугай гэж зарлиг болов” гэжээ
[7].
Тэгвэл өнөө үед Засгийн
газрын шийдвэрээр^ улсын
нөөцөд тураг мах*, будаа**, шатахуун, авто машин*** зэргийг
тогтоосон хэмжээгээр бэлтгэж агуулахад хадгалдаг, ...захиран
зарцуулдаг, шинэчилж нөхөн бүрдүүлдэг. Дайчилгааны нөөцтэй.
Улсын нөөцийн тухай хуулийн 5.1.1.-д гамшгийн хор уршгийг арилгах; 5.1.2.-д
эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зах зээл дэх зарим бараа,
материалын эрэлт, нийлүүлэлтийн харьцааг тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлэх зориулалтаар
улсын нөөцийн бараа, материалыг ашиглана.
ДЭЭД БАЙГУУЛЛАГА, ЗАСГИЙН ГАЗАР, ЯАМДЫН 1930-2007 ОНЫ ЗАРИМ
ШИЙДВЭРЭЭС:
ü Засгийн газрын 1930.02.03-ны 29 дүгээр
тогтоолоор Худалдаа, аж үйлдвэрийн яамыг байгуулжээ.
ü “БНМАУ-ын
Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисс”-ыг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн
1945 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 106 дугаар тогтоолоор байгуулжээ. Гол
ажлуудын нэг нь “Улсын
бүх эд хогшил, материал, үнэ бүхий зүйлийн фондыг бүртгэх, хуваарилах,
тэдгээрийг зөв зарцуулахад хяналт тавих” гэжээ. 1.Нэгдсэн төлөвлөгөөний хэлтэс, 2.Мал аж ахуй, газар
тариалангийн хэлтэс, 3.Үйлдвэр, тээвэр, холбооны хэлтэс, 4.Их
барилгын хэлтэс, 5.Худалдаа
бэлтгэлийн хэлтэс, 6.Хөдөлмөр
цалингийн хэлтэс, 7.Соёл
боловсрол, эрүүлийг хамгаалах хэлтэс, 8.Улс ардын аж ахуйн
бүртгэлийн хэлтэс, 9.Тусгай
хэлтэс, 10.Хянан
шалгах хэсэг, 11.Ерөнхий
хэлтэс, 12.Нарийн
бичгийн дарга нарын анги зэрэг 12 нэгжтэй
байгуулагджээ [6].
ü “1950-иад оны сүүлчээр Улсын төлөвлөгөөний
комисс (УТК)-ын материал-техникийн хангамж (МТХ)-ийн хэлтсийг өргөжүүлэн
бэхжүүлж мэргэжлийн боловсон
хүчнээр хангахад анхаарч... ЗХУ-д МТХ-ийн мэргэжлээр сургаж бэлтгэсний анхных
нь П.Намсрайжав 1960 онд, дараа нь Д.Гонгор 1961 онд тус тус сургуулиа төгсөж
ирсэн бол Москва хотын ЭЗДС-д МТХ-ийн мэргэжлээр 1960 онд Ж.Сэр-Од,
Ү.Ёндонжамц, С.Дорж, Д.Ганболд, Д.Бордух, Д.Урианхай (зохиолч); 1961 онд
Д.Норов, П.Тогооч нарыг сургахаар явуулсан бөгөөд үүнээс хойш ч хэд хэдэн удаа
хэсэг хэсэг хүнийг сургаж авсан билээ” гэжээ [2]. Тэд төгсөн ирж мэргэжлээрээ ажиллажээ. УТК-ын даргаар Б.Ринчинпэлжээ
гуай 1969 оны 1-ээс 1972 оны 12-р сард ажиллажээ [6].
ü 1955-аас 1972 оны үеийн Улсын төлөвлөгөөний комисс
(УТК)-ын материал, техникийн хангамжийн хэлтэс, газрыг өөрчлөн
зохион байгуулж, улмаар “Улс ардын аж ахуйн Материал техникийн
хангамжийн нэгдсэн систем бий болгох тухай” МАХН-ын Төв хорооны Улс Төрийн
Товчооны 1972 оны 273 дугаар тогтоол гарчээ [5]. БНМАУ-ын Сайд нарын
Зөвлөл (СнЗ)-ийн 1972.11.09-ний
өдрийн 441 дүгээр тогтоолоор байгуулагдсан, СнЗ-ийн 1972.11.17-ны өдрийн 450
дугаар дүгээр тогтоолоор нэгжийг нь
баталсан Улсын төлөвлөгөөний
комиссын дэргэдэх Улсын материал-техникийн хангамжийн хороо (УМТХХ) нь Тусгай хэлтэс, Түлш, түүхий эд, материалын
хэлтэс, Аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэлтэс, Хөдөө аж ахуйн техник,
тээврийн хэрэгслийн хэлтэстэй байжээ [2], [5].
ü 1958.11.24-ний өдрийн БНМАУ-ын АИХТ-ийн 174 дүгээр зарлигаар БНМАУ-ын
Худалдааны яамыг өөрчлөнгүүт БНМАУ-ын Худалдаа, бэлтгэлийн
яам, БНМАУ-ын Гадаад худалдааны яам байгуулагджээ
[Я.Намсрай.
Гадаад худалдаа].
УЛСЫН НӨӨЦИЙН БАРААНЫ БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ
ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН
ЗАЛГАМЖ ЧАНАР
·
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл (СнЗ)-ийн 1965 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн маш
нууц 244 дүгээр тогтоолын дагуу Худалдаа бэлтгэлийн яам, Гадаад худалдааны
яам өргөн хэрэглээний зарим нэр төрлийн барааны улсын нөөцийг
хуримтлуулан хадгалах чиг үүрэг асуудлыг хариуцаж байжээ [8].
·
1974-1987 оны үеийн Улсын Материал-техникийн хангамжийн хороо (УМТХХ), Материал-техникийн
хангамжийн хороо (МТХУХ) улсын нөөцийн бараа, дайчилгааны нөөцийн
бодлого, тусгай захиалга-төлөвлөлт, зохицуулалт, хэрэгжүүлэлт хариуцсан Тусгай
хэлтэстэй байв.
·
СнЗ-ийн 1974.06.18-ны өдрийн 238 дугаар тогтоолын дагуу яамдын материал-техникийн
хангамж (МТХ)-ийн контор, агуулахын аж ахуйг төрөлжүүлэн нэгтгэж байгуулсан Тоног
төхөөрөмжийн, Аж үйлдвэрийн материалын, Барилгын материалын, Тээврийн
хэрэгслийн хангамжийн ерөнхий газруудыг,
Хөдөө аж ахуйн, Техник туслалцааны материал-техникийн хангамжийн
ерөнхий газруудыг тус хороонд харьяалуулжээ [2]. Улсын нөөцөд үйлдвэрлэл-техникийн
зориулалттай зарим материал, бүтээгдэхүүнийг хуримтлуулан хадгалж, зарцуулж,
шинэчилж нөхөн бүрдүүлж байв.
·
Тэр үеийн Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын, үүнээс ЗХУ-ын Улсын нөөцийн
барааны агуулах, удаан хадгалалтын талаар солилцсон мэдээлэл бичмэлийг Ж.Сэр-Од захиралтай Материал-техникийн
хангамжийн туршлага шинжилгээний институтын, улмаар МТХУХ-ны номын санд хүлээн
авдаг, танилцуулдаг байв. 2009 онд Онцгой байдлын ерөнхий газарт өгөв (Хавсралт 2).
·
“УМТХХ, МТХУХ-ны дарга Б.Ринчинпэлжээ үйлдвэрлэл-техникийн зориулалттай барааны улсын нөөцийг санаачлан
зохион байгуулж, хурандаа С.Доржпалам даргаар ахлуулсан Тусгай хэлтсийг УМТХХ,
МТХУХ-ны төв аппаратад байгуулж улсын нөөцийн ажлыг хариуцуулсан” ажээ [3].
·
УМТХХ, МТХУХ-ны дарга Б.Ринчинпэлжээ, Дахын Готов, нэгдүгээр орлогч дарга А.Юндэндорж, Д.Бордух, З.Пүрэвнанзад, орлогч дарга Д.Гонгор, О.Санжмятав, М.Чимэддорж, П.Бадрал, хэлтсийн дарга Ж.Сэр-Од,
Дамбын Болд, Бямбын Баярсайхан, “бараа, материалын нөөцийн удирдлагын асуудлыг
анх хариуцсан П.Намсрайжав, Тусгай хэлтсийн хурандаа С.Доржпалам даргатай дэд хурандаа Х.Дашдорж, Б.Лувсандорж, Рагчаагийн
Баасанбадам, Тогтохын Ганболд, В.Чойжилсүрэн, ...хамт олон”, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Л.Дэнсмаа, Э.Даваасүрэн нар Улаанбаатар
хотноо “ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын МТХ-ийн талаар хамтран ажиллах хорооны хурал”
зохион байгуулж байв.
·
МТХУХ-ны нэгжийн дарга, мэргэжилтнүүд, харьяа Улаанбаатар хот дахь ...ерөнхий
газруудын, түүнчлэн аймаг бүр дэх, Эрдэнэт, Дархан, Чойбалсан хот дахь МТХ-ийн
удирдах газрын, “Объект №03”-ын дарга, мэргэжилтнүүд нь гадаад, дотоодын
сургалтад хамрагдаж, улмаар тогтоол, тушаал, шийдвэр гаргах,
гаргуулах, улсын нөөцийн зарим барааг бүрдүүлж хэзээд бэлэн байлгах, бараа материал, үр тариа хадгалах агуулах бариулах, ачаа ба мэдээ боловсруулалтыг механикжуулах, хадгалалтын
технологи, журмын төсөл боловсруулах, мөрдүүлэх, хянах, тайлагнах ажилд их хувь нэмэр оруулжээ.
· МТХУХ-ны дарга Дахын Готов гуай “Агуулахын аж
ахуйг өргөтгөн шинэчлэх, шинээр барьж ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлж, ...улсын
нөөцийн барааны агуулахын аж ахуй, химийн шингэн юүлэх болон изотопын,
тэсрэх дэлбэрэх материалын агуулахын аж ахуйнууд, комплекс-импортын хангамжийн
нэгдлийн цогцолбор агуулахын аж ахуй, орон нутгийн байгууллагуудад 1000-2000
тоннын агуулахууд баригдаж, үйлдвэрлэл-техникийн зориулалттай бүтээгдэхүүний
хадгалалт, хамгаалалт нэмэгдэж ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа боловсронгуй
болсон. Улсын нөөцийн барааг цэгцэлж, 03-р объектийг ашиглалтад оруулж хэн ч
халдашгүй улсын нөөцийн барааг улам баяжуулан нэр төрлийг нь олшруулж, түүний
үр өгөөжийг нэмэгдүүлсэн” гэжээ [1].
· УИХТ-ийн 1987.12.09-ний өдрийн 168 дугаар
зарлигаар байгуулагдсан Эдийн засгийн гадаад, харилцаа, хангамжийн яам (ЭЗГХХЯ, сайд П.Очирбат) 1987 оны эцсээс 1990
онуудад; Худалдаа, хамтын ажиллагааны яам
(ХХАЯ, сайд Н.Бавуу 1990.04.06-1990.10.01-н хүртэл); Улсын Бага
Хурлын 1990.10.01-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор байгуулагдсан Худалдаа,
үйлдвэрийн яам (ХҮЯ, сайд С.Баярбаатар,
УИХ-ын тогтоолоор 1992.08.08-наас сайд Ц.Цогт) 1990-1996 онуудад; түүнчлэн 1996 оны 07 дугаар сараас Лувсанбалдангийн Нямсамбуу, 1998 оны 04
дүгээр сарын сүүлчээс Норовын Алтанхуяг, 1999 оны эхнээс 2000 оны 08 дугаар сард Чойнзонгийн Содномцэрэн
нар Хөдөө аж ахуй, үйлдвэр (ХААҮ)-ийн сайдаар тус тус ажиллаж, улсын нөөцийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, хадгалалт,
хэрэгжүүлэлтийн асуудлыг эрхэлж
байв.
· ЭЗГХХЯ, ХХАЯ-ны Тусгай хэлтсийн дарга Р.Баасанбадам, мэргэжилтэн
Т.Ганболд, Ц.Батсүрэн, В.Чойжилсүрэн, Худалдаа бэлтгэлийн яамнаас шилжин ирсэн мэргэжилтэн
П.Батаахүү, Улсын төлөвлөгөөний комиссоос шилжин ирсэн мэргэжилтэн Х.Болдхуяг
нар, түүнчлэн ХҮЯ-ны Үйлдвэрлэл-техникийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, Тусгай
тасгийн дарга Х.Болдхуяг, мэргэжилтэн
Т.Ганболд, П.Батаахүү, А.Чулуунбат, Ж.Амарсанаа нар улсын нөөцийн барааны
асуудлыг улсын хэмжээнд хариуцан ажиллажээ. Б.Баярсайхан, Х.Болдхуяг дипломат
албанд томилогдов.
· ХААҮЯ-ны Худалдааны
газрын дарга Н.Ишдоржийн удирдлагын доор Зах зээлийн
бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Н.Хонгорзул, мэргэжилтэн А.Чулуунбат
улсын нөөцийн барааны асуудал хариуцан 1996-1997 онд ажиллаж байв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын нөөцийн газар байсаар
байхад, нэгд, ХААҮЯ-ны Стратегийн төлөвлөлт,
нэгдсэн бодлогын газар (СТНБГ)-ын дарга Н.Батаад
“Барааны улсын нөөцийн бодлогыг нь”, хоёрт, ХААҮЯ-ны Салбарын бодлого зохицуулалтын газар (СБЗГ)-ын
дарга Б.Билэгт, дараа нь Я.Балгансүрэнгийн шууд удирдлага доор “Хөтөлбөр, төслийн
хэрэгжилтийн зохицуулалтын алба”-ны дарга И.Ханымхан, “Бодлогын хэрэгжилтийн
зохицуулалтын алба”-ны дарга В.Оюунцэцэг, мэргэжилтэн А.Чулуунбатад “Барааны
улсын нөөцийн зохицуулалтыг нь” тус тус харицуулж байв. “Дахин
инженерчлэл (Reengineering)”-ийн хүрээнд “ХААҮЯ-ны Салбарын бодлого, зохицуулалтын газрын үйл
ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар”-ыг 1996 оны сүүлчээс 1997 оны
эхэнд хамтран боловсруулж мөрдүүлжээ.
·
Улсын нөөцийн зохицуулалтын асуудлыг ХААҮЯамны мэргэжилтэн Ц.Шагдар 1997.07.29-ний өдрөөс хариуцав. Хэдхэн сарын дараа “Барааны улсын
нөөцийн бодлогын зохицуулалт”-ын болон “Биотехнологи дэд хөтөлбөр”, “Салбарын
стандартыг хянах, шинэчлэх төлөвлөлт”-ийн асуудлыг мэргэжилтэн А.Чулуунбатад хариуцуулав.
·
ХААҮ-ийн
сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын
нөөцийн газар (УНГ)-ын анхны даргаар нь 1996 оноос Ц.Өөлд, мэргэжилтнээр нь мэдлэг чадвар-туршлагатай П.Батаахүү,
Ж.Амарсанаа, ерөнхий нягтлан бодогчоор нь Б.Сорогдорж
нар томилогдон ажиллав. УНГ-ын даргаар 1998-1999 онд М.Моёор, 1999 оны 10-р сараас Я.Санжмятав,
2000 оноос Ж.Бямбаноров, Т.Ганболд нар ажилласан ажээ.
· Засгийн газрын гал түймэр, улсын иргэний хамгаалалтын болон Улсын нөөцийн газрыг 2004 онд нэгтгэж “Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (Онцгой байдлын ерөнхий газар)-ыг байгуулжээ. Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын улсын нөөц… хариуцсан газар нь 2004 оноос улсын хэмжээнд үйл ажиллагаагаа залгамжлан үргэлжлүүлсээр байна.
ХАМТРАН БОЛОВСРУУЛСАН БАТЛУУЛСАН МӨРДҮҮЛСЭН ЗАРИМ ЖУРАМ, ЗААВАР
Ø
Ø ”Улсын нөөцийн бараа
хуримтлуулах, хадгалах, шинэчлэх, зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам”-ын
төслийг хамтран боловсруулж, Худалдаа, үйлдвэрийн сайд /Ц.Цогт/-ын
1994.01.11-ний өдрийн 08 дугаар тушаалаар батлуулж мөрдүүлжээ. Шинэлэг тал нь гэвэл? Удирдамжийн хүрээнд улсын нөөцийн хүнсний болон өргөн хэрэглээний
барааг, үйлдвэрлэл-техникийн зориулалттай материал, бүтээгдэхүүнийг худалдан
авахын өмнө нь, хадгалалтын явцад нь, нөөцөөс олгохын өмнө нь *холбогдох үзүүлэлтээр*
мэргэжлийн байгууллагын болон лабораторийн
зөвлөмж дүгнэлт гаргуулдаг, нууцлалыг нь чанд сахидаг байв. *Чийглэг, өнгө, үнэр, амт, нян, агааргүйтэн, хөгц мөөгөнцөр, хүнд металл, цацраг, химийн бодис, пестицид,
шавьж, хог ургамал, хольц, цавуулаг, хадгалалтын хугацааны дуусгавар* гэх мэт
Иймд мэргэжлийн хяналт шалгалт, стандарт, хэмжил зүй, эрдэм шинжилгээ
судалгааны байгууллагууд, үйлдвэрийн эрдэмтэн,
лаборант, эрүүл ахуйч, улсын байцаагч, инженер, технологич, мэргэжилтэн нар их хувь нэмрээ оруулсан билээ.
Ø Худалдаа, үйлдвэрийн яамны Тусгай
тасгийн дарга Х.Болдхуягийн санаачилгыг сайд дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч
П.Очирбат, Засгийн газрын шадар сайд Ч.Пүрэвдорж нарт улсын нөөцийн барааны
хадгалалт хамгаалалт, бэлэн байдлыг танилцуулсан. Тухайлбал, П.Очирбат сайд
байхдаа байгуулсан “ЭЗГХХЯ-ны харьяа, дараа нь ХҮЯ-ны харьяа Багахангай дахь
Материал-техникийн хангамжийн нэгдэл (Д.Дашдондог дарга)-ийн “Ангор” битүү агуулах дотор улсын
нөөцөд хадгалж байсан “ЗИЛ”, “ГАЗ”, “УАЗ”, “КрАЗ” авто машинууд; ачаа өргөх кран; өөрөө буулгагч; бохирын шингэн зөөгч; зам, барилгын
машин механизм, автогрейдер бүрийг нүдээр үзэж байв. Нэг автомашиныг
сонгож найдвартай бэлэн байдлыг нь үзүүлэв. Түүнчлэн үйлдвэрлэлийн зориулалттай
буюу бин битүү найдвартай савтай, баллонтой химийн зарим материалын хадгалалт
хамгаалалтын зөв орчин нөхцөлтэй танилцсан билээ.
Ø “Барааны улсын нөөцийн санхүүжилтийн журам”-ыг 1994.02.15-нд 33/43
тоотоор, “Улсын нөөцийн барааг бүртгэх журам (1994.11.23-ны 207/346)”-ыг
Худалдаа, үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тус тус
батлуулаад улсын нөөцийн “Объет №03”-д, мөн түүнчлэн улсын нөөцийн барааг
хадгалагчид-“Нефтимпорт” концерн, Хүнсний барааны бөөний худалдааны компани,
“Махимпэкс”, Төрөл бүрийн барааны импорт, экспорт хангамжийн нэгдэл
(“Разноимпэкс” нэгтгэл), Хөдөө аж ахуйн техникийн импорт хангамжийн нэгдэл
(Агротехимпэкс), Багахангай дахь МТХ-ийн нэгдэл, “Монголын харилцаа холбоо”,
“Эм импэкс” нэгдэл, Баянхонгор аймгийн Худалдаа удирдах газар, Багануурын
“Хишиг-2”, Эрдэнэтийн “Өргөн хэрэглээ”, Ховд аймгийн “Баатархайрхан”, Дорнодын
Дамжлага бааз, “Дорнод” импэкс зэрэг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад
болон ХХААЯаманд тус тус хүргүүлж мөрдүүлжээ.
Ø
УНГ-ын дүрмийн анхны төслийг хамтран боловсруулж Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд /Л.Нямсамбуу/-ын 1996.09.17-ны өдрийн А/28 дугаар тушаалаар
батлуулан мөрдүүлэв. Шинэлэг
давуу тал нь “Улсын нөөцийн газар гадаад харилцаанд чиг үүргийнхээ дагуу бие
даан оролцох, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ, туслах аж ахуй эрхэлж, орлогоо хууль
тогтоомжийн дагуу зарцуулах эрхтэй”, “...бие дааж гадаад, дотоод худалдаа хийж
болно” гэсэн заалтуудыг оруулсанд оршино [4].
Ø
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1985.10.02-ны
өдрийн 248 дугаар тогтоол, Засгийн газрын 1993.06.11-ний өдрийн 102 дугаар м.н.
тогтоолоор тус тус батлагдсан заавар, журам”-ыг эш үндэс болгож, шилжилтийн
үеийн дотоод, гадаадын туршлагад тулгуурлан яамдын, УНГ-ын
саналыг тус тус судлан боловсруулсан журмын төслөө сайд Л.Нямсамбуу, газрын дарга
Н.Ишдорж, мэргэжилтэн А.Чулуунбат нар Засгийн газрын хуралдаанд оруулав. “Барааны улсын нөөц хуримтлуулах, зарцуулах журам” Засгийн
газрын 1997.02.28-ны өдрийн 57 дугаар маш нууц тогтоолын хавсралтын ёсоор батлагдсан
билээ. Энэ журамд зөвхөн УНГ, хадгалагч, нийлүүлэгчтэй хамаатай дараах
заалтуудыг цоо шинээр тусгав. Тухайлбал:
Ø
Улсын нөөцийн газар, хадгалагч болон
нийлүүлэгч байгууллагууд нь эрэлт нийлүүлэлт, мөнгөний ханшны хэлбэлзлэл,
шинэчлэх хугацааг харгалзан бэлэн барааны 20 хүртэл хувийг улирал
тутам борлуулж, барааны батлагдсан тоо хэмжээ, чанарыг бууруулахгүйгээр нөхөн
бүрдүүлж зардлаа нөхөх, байршилд нь хадгалалтын технологи, сав баглаа боодлыг
сайжруулах, хяналт тавих үүргийг харилцан хүлээж, энэ талаар дээрх
байгууллагууд гэрээ байгуулж хэрэгжүүлнэ.
Ø
Бараа хүлээн авах, худалдахын өмнө болон
хадгалах явцад чанар, эрүүл ахуй, стандартын үзүүлэлтээр мэргэжлийн
байгууллага, лабораториор шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулж байна.
Ø
Хадгалагч байгууллага нь улсын нөөцтэй
холбогдсон зардлыг ажил үйлчилгээнийхээ зардлад оруулан тооцно.
Ø
Улсын нөөцийн бараа, түүний агуулах, зам, талбайг
хувьчлах хөрөнгийн дүнд хамруулахгүй” гэх мэт [4].
Ø “Улсын нөөцийн стратегийн бараа” гэсэн
шинэ ангилалд улаан буудай, үр, шатахуун гэх мэтийг хамруулсан.
ӨМЧ ХУВЬЧЛАЛ БА УЛСЫН
НӨӨЦИЙН АГУУЛАХ, БАРАА
Худалдаа, үйлдвэрийн
яамнаас
“Барааны улсын нөөцийн тухай” 1994.08.24-ний өдөр маш нууц 5/34 тоот албан
бичиг, танилцуулгыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисст анх хүргүүлжээ.
Засгийн газрын 1997 оны 57 дугаар маш нууц тогтоолоор
батлагдсан журмын 18 дугаар заалтыг болон “Хүнс трейд” УҮГ-ын 2000.03.17-ны
өдрийн 1/034 дүгээр, Улсын нөөцийн газрын 2000.03.22-ны өдрийн 122 дугаар
албан бичгүүдийг үндэслэн, “Хүнс трейд” УҮГ-ыг хувьчлахын
өмнө үндсэн хөрөнгөөс нь холбогдох агуулахын барилгууд, саравч, ажлын байр,
тавцан, бетонон талбай, газар, төмөр замын салаа, тэдгээрийн иж бүрэн
тоног төхөөрөмжийг хасаж Улсын нөөцийн газарт балансаас балансад
шилжүүлэх тухай танилцуулга, шийдвэрийн төслийг
боловсруулж ХААҮ-ийн сайд (Ч.Содномцэрэн)-ын 2000.03.24-ний өдрийн 1/532
тоот албан бичгээр Төрийн өмчийн хороонд хүргүүлж
шийдвэрлүүлсэн [4].
“Хүнс трейд” улсын үйлдвэрийн газрын 48
айлын орон сууцыг одоо оршин суугаа эзэмшигчдэд хувьчлах тухай” асуудлыг
боловсруулж, Засгийн газрын 2000.03.22-ны өдрийн 43 дугаар тогтоол гаргуулж
шийдвэрлүүлжээ [4].
УЛСЫН
НӨӨЦИЙН БАРААНЫ БАЙРШИЛ, НЭР ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭ БА ЗАРЦУУЛАЛТ:
Тэр үеийн
ХААҮЯ-наас барааны зохиомол хомсдол-нийлүүлэлт, хэт төвлөрүүлэлт, агуулахын
хадгалалтын нөхцөл-технологи, Засгийн газрын захиран зарцуулалт, үлдэгдэл
зэргийг харьцуулж, яам тус бүрийн болон Улсын нөөцийн газрын саналуудыг
нэгтгээд “Улсын нөөцийн барааны байршил, нэр төрөл, тоо хэмжээг батлуулах, яг
тогтоосон агуулахтай цэгт нь хэзээ
ч бэлэн байлгах тухай” Засгийн газрын м.н. тогтоолын төсөл бүрийг боловсруулж
хуулийн зөвлөхөөр хянуулсны дараа
сайд Засгийн газарт оруулж шийдвэрлүүлдэг; улмаар холбогдох яамтай хамтарсан
м.н. тушаал гаргадаг байв. “Улсын нөөцөөс бараа гаргаж
захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх тухай” шийдвэр-тогтоолыг зөвхөн
Засгийн газраас гаргадаг дэг журамтай байв. Улсын нөөцийн барааны
захиран зарцуулалт, олголт, нөхөн бүрдүүлэлт, шинэчлэлтийн мэдээллийг болон
“батлагдсан байршил-цэгтээ буй бэлэн үлдэгдэл”-ийн тоон мэдээ тайланг ХААҮЯ
хүлээн авч нэгтгээд Засгийн газарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт тухайн
үед нь тус тус хүргүүлдэг. Сангийн яамнаас хөрөнгийн эх үүсвэр, зардалд хяналт
тавьдаг байв.
УЛСЫН НӨӨЦӨӨС ОЛГОСОН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ
o
Төмөр чингэлэгийг дулаан тусгаарлагчаар
доторлуулав. ХААҮЯамны мэргэжилтэн Солонгос хэлний
орчуулагч Ч.Пунцагсүрэн бид хоёр, БНАСАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны хоёр ажилтны хамт дөрвүүлээ “Махимпэск”
компани дээр очив. Улсын нөөцөөс гаргаж буй “махан нөөш”-ийг
уг чингэлэгт ачуулав. Дипломат ажилтанд
нь “...Хүлээн аваад шинжилгээ хийлгээрэй” гэж хэлээд, лабораторийн
шинжилгээний дүгнэлтийг гардууллаа. Монголын Улаан
загалмай нийгэмлэгийн шугамаар эргэн төлөгдөхгүй тусламж болгож өгсөн юм
билээ.
o
Төв аймгийн зарим сумын нутгаар цас их унаж, цаг
агаарын түр зуурын бэрхшээл тохиолдсон учир Ерөнхий сайдын 1998 оны 129 дүгээр
захирамж гарсан ажээ.
Томилолтоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваа, ХААҮЯ-ны
мэргэжилтэн А.Чулуунбат нар 1998 оны 10 дугаар сард ачаатай автомашинаар Цээл,
Жаргалант, Эрдэнэсант сумдад очив. Тухайн сумын Засаг дарга, ИТХ-ын дарга,
холбогдох аж ахуйн нэгжийн ажилтан нартай нь уулзаад, улсын нөөцөөс олгож буй эсгий гутал,
оймс, хөвөнтэй өмд, ажлын гутлуудыг газар тариалангийн аж ахуйн нэгжийн
ажиллагчдад талбин олгуулах зорилгоор баримт-жагсаалтын хамт хүлээлгэн өгөж билээ.
АЙМАГТ ӨВСНИЙ
ЭРГЭЛТИЙН НӨӨЦ-САНГ БИЙ БОЛГОХ АНХНЫ ШИЙДВЭР
АНУ-ын 1998 оны тусламжийн сангийн хөрөнгөөр “Баянхонгор,
Баян-Өлгий, Дундговь, Завхан, Увс, Ховд аймгийн өвс, тэжээлийн эргэлтийн
нөөц-сан байгуулах, зарцуулах, шинэчилж нөхөн бүрдүүлэх журам”-ын
төслийг боловсруулж, уг “санд хуваарилах хөрөнгийн хэмжээ”-г тооцоолж,
ХААҮ-ийн сайд (Ч.Содномцэрэн)-ын 1999.11.03-ны өдрийн А/160 дугаар тушаалын нэг,
хоёрдугаар хавсралтаар батлуулав. Мөрдөж ажиллахыг ХААҮЯ-ны хөдөө аж ахуйн газрын дарга Д.Нэргүйд,
тухайн аймгийн Засаг даргад үүрэг болгосон [4]. Үндэсэлэл нь: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Тэжээлийн ургамлын нөөцийн судалгаа, технологийн тасгийн эрхлэгч,
дэд доктор, проф. С.Жигжидсүрэн 1997.01.02-нд зөвлөмж бичиж өгсөн
юм. Энэ зөвлөмжийг нь УМЭАЦ-ийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтийн хамт
сайд, дарга нарт танилцуулаад холбогдох байгууллагад хүргүүлж байлаа.
УЛСЫН НӨӨЦИЙН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙД:
Нефть хангамжийн баазын үе үеийн
удирдлага, “НИК”-ийн захирлууд (Оюунгэрэл, Маньбадар, ...),
н.Сүхбаатар, Б.Сүхбаатар, холбогдох бусад мэргэжилтэн, ажилчид нь шилжилтийн
хэцүү үеийн бэрхшээлийг амжилттай даван туулсан билээ. Импортын саатлын үед,
хаврын тариалалт, намрын ургац хураалтын үед, зуд, цаг агаарын бэрхшээлтэй үед дизелийн түлш, автобензин, онгоцны түлш, хөдөлгүүрийн
тосыг Засгийн газрын шийдвэрийн дагуу улсын нөөцөөс тухай бүр саадгүй гарган
нийлүүлсээр байлаа. Төрийн хянан шалгах хорооны 1999 оны 9
дүгээр сарын хяналт шалгалтын тайланд “НИК өөрийн хөрөнгөөсөө улсын нөөцөд байх
шатах, тослох материалын нэр төрөл, тоо хэмжээг бүрэн байлгах үүрэг хүлээн
ажиллаж, нөөцийн мэдээг тогмол гаргаж, ХААҮЯ-нд хүргүүлж байсан” гэжээ [4].
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ
“Улсын нөөцийн тухай” Монгол улсын
хуулийн төсөл боловсруулах багийн бүрэлдэхүүн”-ийг ХААҮ-ийн сайд
(Ч.Содномцэрэн)-ын 1999.05.31-ний өдрийн А/79 дүгээр тушаалаар баталсан.
Багийг ХААҮЯ-ны СТНБГ–ын
дарга
Н.Батаа удирдав. Гишүүд нь ХААҮЯ-ны СТНБГ-ын мэргэжилтэн Ц.Отгонтуяа, ХААҮЯ-ны СБЗГ-ын
мэргэжилтэн
А.Чулуунбат, Улсын нөөцийн газрын дарга М.Моёор, түүнчлэн Иргэний хамгаалалтын
газар, Улсын байнгын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Сангийн яам, Хууль
зүйн яам, Батлан хамгаалах яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн
хамгааллын яамны нэр бүхий мэргэжилтэн нар байв. ХААҮЯ-ны Салбарын бодлогын зохицуулалтын газрын санаачилгаар Элчин сайд нарт захидал
илгээж, барааны улсын нөөцийн холбогдох хууль тогтоомж, мэдээлэл цуглуулж,
судалгаа-боловсруулалтын ажлыг хийж байлаа [4].
“Улсын нөөцийн байдал, цаашид сайжруулах
арга хэмжээний тухай” илтгэл бэлтгээд ХААҮЯ-ны 1999.10.28-ны өдрийн
1/2044 тоот нууц албан бичгээр Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлд хүргүүлсэн. Цаашид Улаанбаатар хот, бүсчилсэн зарим аймагт 90
хоногийн шатахууны улсын нөөцтэй болох арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх
талаар бодлогын саналыг ХААҮ-ийн сайд Ч.Содномцэрэн, ХААҮЯ-ны …газрын дарга Я.Балгансүрэн,
мэргэжилтэн А.Чулуунбат нар танилцуулжээ [4].
СУДАЛГААНЫ АЖИЛ ЭХЛҮҮЛЭВ.
ХААҮЯ-наас 2000.05.08-ны өдрийн 4/867 тоот албан бичгийг Улсын нөөцийн
газарт, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд хүргүүлж, ”Гурил,
буудай, үрийг шавьж, мэрэгч амьтнаас хамгаалах, судалгаа хийх” ажил зохион
байгуулж байв [4].
УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2007 ОНЫ 7 ДУГААР САРЫН 5-НЫ
ӨДӨР БАТЛАГДЖЭЭ.
“1.1.Энэ
хуулийн зорилт нь улсын нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах,
тээвэрлэж хүргэх, шинэчлэх, захиран зарцуулах, санхүүжүүлэхтэй холбогдсон
харилцааг зохицуулахад оршино” гэжээ. “6.1.Стратегийн болон гамшгийн нөөцийн
бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд
бүрдүүлэх ажлыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
(ОБАХТЗБ) зохион байгуулна” гэжээ. Энэ хуулийн 12-оос 17 дугаар зүйлийг үзвэл,
12.1-д Улсын Их Хурлын, 13.1-д Засгийн газрын, 14.1-д Онцгой байдлын асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын нөөцийн талаарх бүрэн эрхийг, 15.1-д ОБАХТЗБ-ын бүрэн эрхийг, 16.1-д Аймаг,
нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг, 17.1-д Улсын нөөцийн салбарын үүргийг тус тус
хэрэгжүүлэх талаар тусгажээ.
Эрдэм номын хишгийг өгөн соёрх! МТХУХ-ноос яамдын ном-мэдээллийн санд дамжуулан хадгалсаар байсан холбогдох
мэдээллийн материалыг нь Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлэн өгснийг “Хавсралт 2”-оос үзнэ үү [4].
1990 оны аравдугаар сараас есөн жил гаруй хугацаанд улсын нөөцийн төрийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, чанарын хамгаалалт, хадгалалт, хэрэгжүүлэлтийн хүрээнд эрхэм зорилго, зорилтуудтай хамт олныхоо дунд “Төрийн жинхэнэ албан хаагч”-мэргэжилтнээр ажиллаж байснаа эргэн санахад, “Улсын нөөцийн газрын хамт олноос А.Чулуунбат танд дурсгав. 2000.08.31.” гэсэн бичигтэй мөнгөн аяганаасаа сүүтэй цайгаа уухад юутай сайхан.
ТӨРИЙН МИНЬ СҮЛД ИВЭЭН СОЁРХ
Ашигласан ном,
цахим эх сурвалж:
1. Дахын Готовын дурсамж (МТХУХ-ны дарга, ЭЗГХХЯ-ны нэгдүгээр орлогч дарга) хуудас 4. Мартагдашгүй он жилүүд. Дурсамж. Боть II. Редактор П.Бадрал.
Улаанбаатар-2017.
2. Д.Бордух (МТХУХ-ны нэгдүгээр орлогч дарга асан). “Материал техник
хангамжийн байгууллагын нэгдсэн тогтолцоог буй болгосон тухай баримт түшсэн
дурсамж”, 2017 он, хуудас 21-41. Мартагдашгүй он жилүүд. Дурсамж. Боть II. Редактор П.Бадрал.
Улаанбаатар-2017.
3. П.Бадралын дурсамж (МТХУХ, ЭЗГХХЯ-ны орлогч даргаар ажиллаж байсан) 2017, Мартагдашгүй он жилүүд. Дурсамж. Боть II. Редактор П.Бадрал.
Улаанбаатар-2017.
4. “А.Чулуунбатын дурсамж”, 2017 он, хуудас 319-343. Мартагдашгүй он жилүүд. Дурсамж. Боть II. Редактор П.Бадрал.
Улаанбаатар-2017.
5. МТХ бүтэц шийдвэр https://hangamjiin.blogspot.com/p/1955-1972_79.html
6. Улсын төлөвлөгөөний
комисс https://mof.gov.mn/blog/about/History/history1
7. Монголын нууц товчоо. 279,
280 https://chuluunbata.blogspot.com/p/1.html
8. Монгол Улсын нөөцийн
түүхэн замнал. Хянан тохиолдуулсан: Т.Ганболд, П.Батаахүү. Эмхэтгэсэн: Ж.Амарсанаа. Хэвлэлийн хуудас: 19.75 хх. Хэвлэсэн
“Соёмбо принтинг” ХХК. Улаанбаатар хот-2016 он.
9. Улсын нөөцийн “Объект
№03” салбарын түүхэн замнал. Хянан тохиолдуулсан: Б.Бөх-Очир, П.Батаахүү. 11.3
хх. Хэвлэсэн “Соёмбо принтинг” ХХК. Улаанбаатар хот-2017 он.
Бичсэн: А.Чулуунбат, Ахмад настан, Утас 95286078. Огноо 2025.06.06
https://chuluunbata.blogspot.com/
http://hangamjiin.blogspot.com/ -ыг баяжуулан
хөтлөгч
Зөвлөсөн: Б.Баярсайхан, МТХУХ, ЭЗГХХЯ-нд хөрөнгө оруулалт, агуулахын аж
ахуй, механикжуулалт, ХҮЯ-нд Улсын нөөцийн барааны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажилласан
Ахмад насатан. Утас 99115182



No comments:
Post a Comment