"Залгамж хангамж" НҮТББ -аас 2025 онд хэвлүүлсэн номын нэр: Мартагдашгүй он жилүүд. Дурсамж Боть III, Улаанбаатар хот 2025 он. Хуудас: 138-156
“Изотоп” контор байгуулах тухай тогтоол, тушаал гарсны 40 жилийн ойд
“ИЗОТОП” КОНТОРЫН ТУХАЙД
Материал-техникийн хангамжийн улсын хороо (МТХУХ)-ны орлогч дарга, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яам (ЭЗГХХЯ)-ны орлогч сайдаар ажилласан, одоогийн “Залгамж хангамж холбоо” НҮТББ-ын ерөнхийлөгч П.Бадрал 2022.11.21-нд А.Чулуунбат надад “МТХУХ-ны харьяа “Изотоп” конторын тухай нийтэд ил тод мэдээлэл, дурсамжийг цуглуулж нэгтгээд Д.Оюунчимэгт цахим шуудангаар явуулаарай” гэсэн даалгавар өгсний дагуу холбогдох тогтоол, тушаалын хуулбаруудыг Үндэсний төв архиваас очиж аваад, Г.Манлайжав, Л.Дашзэвэг нартай утсаар ярив. Дурсамжаасаа цахим шуудан, хуудсаараа гялс ирүүлсэн, санал өгч зөвлөн тусалсан Цэрэнтогтохын Ургамал, Лувсандагвын Дорждагва, Бямбын Баярсайхан, Намжилдоржийн Жанчивдорж, ...нартаа маш их баярлалаа. Зарим нэг ном, дурсамж, баримт бичиг, ярилцлагаас эш татаж, цахим хуудасны холбоос-хайлтыг хэрэглэн мэдээлэл цуглуулж хуулан бичингүүтээ тухай бүр цахим шуудангаар илгээн танилцуулж доорх байдлаар товчлон эмхэтгэж нэгтгэлээ:
Нэг. “ИЗОТОП” КОНТОР БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ: ТОГТООЛ, ТУШААЛ
· МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1982 оны 21 дүгээр тогтоолд “Цацраг идэвхт бодис, цацрагийн бусад үүсгүүрийн захиалга, хуваарилалт, ашиглалт, хадгалалт болон үйлдвэр, албан газар, байгууллагын үйл ажиллагаанд улсын хэмжээний нэгдсэн хяналт тавьж мэргэжлийн удирдлага, туслалцаагаар хангаж байх үүргийг Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Цөмийн энергийн комисс (н.ЦЭВЭГМИД)-т хариуцуулсугай” гэжээ. Үүнтэй холбогдуулан ...орон тоо нэгийг бий болгожээ.
· Материал-техникийн хангамжийн улсын хороо (н.РИНЧИНПЭЛЖЭЭ)-нд “Үйлдвэр, албан газар, байгууллагын хэрэгцээт цацраг идэвхт бодис, цацрагийн бусад үүсгүүрийг захиалах, хүлээн авах, хадгалах, хуваарилах, олгох, хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэхгүй байгаа цацраг идэвхт бодисыг буцааж авах”; “хаягдлыг нь ...Эрүүл ахуй-халдвар, нян судлалын улсын институтийн хяналтын дор зохих журмын дагуу булж дарах ажлыг СнЗ-ийн дэргэдэх Цөмийн энергийн комиссоос гаргасан шийдвэрийг үндэслэн гүйцэтгэж байх” ...үүрэг бүхий “Изотоп” конторыг 1982 онд багтаан хорооныхоо харьяанд байгуулж, аж ахуйн тооцооны үндсэн дээр ажилуулах”-ыг тус тус даалгасан ажээ.
· 1982 оны 21 дүгээр “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 1982 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 43 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор БНМАУ-ын Материал-техникийн хангамжийн улсын хорооны дарга (Б.Ринчинпэлжээ) 1982 оны 296 дугаар тушаал гаргажээ.
Энэ тушаалын нэгдүгээр заалтын ёсоор “Улс ардын аж ахуйн хэрэгцээний цацраг идэвхт бодис, иончлогч цацрагийн эх үүсгүүрийн захиалгыг нэгтгэн боловсруулах, ирсэн бодисыг хүлээн авч төвлөрсөн журмаар хадгалах, хэрэглэгчдэд нийлүүлэх үүрэг бүхий тус хорооны харьяанд “Изотоп” конторыг 1982.12.01-нээс байгуулжээ.
“Изотоп” конторт Монгол Улсын Их Сургуулиас зохих дадлага, туршлага бүхий мэргэжлийн 2 хүн шилжүүлж өгөхийг Ардын боловсролын яаманд даалгасан (2)-ыг хэрэгжүүлж, цацрагийн идэвхжил шалгагч мэргэжилтнээр Д.Энх-Амгаланг томилон ажиллуулжээ (3). “Изотоп” конторыг бие даан ажиллах хүртэл хугацаанд даргын үүрэгт ажлыг МТХУХ-ны Тусгай хэлтсийн мэргэжилтэн Халтарын Дашдоржид хариуцуулж; ”Изотоп” конторын төсөв зардал, орон тоог 1982 онд багтаан холбогдох яам, газруудад тавьж шийдвэрлүүлэхийг тус хорооны орлогч дарга О.Санжмятав, Тусгай хэлтсийн дарга С.Доржпалам нарт үүрэг болгож байжээ (3).
Хоёр. “МАРТАГДАШГҮЙ ОН ЖИЛҮҮД. БОТЬ I. ДУРСАМЖ. 2007”
НОМЫН ХУУДАСНУУДААС ТҮҮВЭРЛЭН ЭШ ТАТСАН НЬ
ü Улсын материал-техникийн хангамжийн хороо (УМТХХ)-ны даргаар ажиллаж байсан, Материал-техникийн хангамжийн улсын хороо (МТХУХ)-ны Б.Ринчинпэлжээ дарга ”...Изотоп” контор, түүний агуулах, байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийг хийлгэн баталж барьж байгуулах ажлыг нь удирдан эхлүүлжээ (7-р хуудаснаа).
ü УМТХХ-ны болон МТХУХ-ны Тусгай хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Доржпалам: “...Б.Ринчинпэлжээ даргын шууд удирдлагаар ...”Изотоп бодисыг бүртгэх, хуваарилах, хадгалах журам”-ыг боловсруулан батлуулж, ажилд хэрэгжүүлж байв” гэжээ (326-р хуудаснаа).
ü МТХУХ-ны даргаар ажилласан Дахын Готов:
“Хот, хөдөөгийн хангамжийн байгууллагуудад хадгалагдаж байгаа үйлдвэрлэл-техникийн зориулалттай бүтээгдэхүүн (ҮТЗБ)-ийг хадгалж хамгаалах ажлыг сайжруулах зорилгоор агуулахын аж ахуйг шинэчлэх томоохон арга хэмжээг хэрэгжүүлж, ЗХУ-ын тусламжаар хэд хэдэн томоохон агуулахууд баригдаж ашиглалтад оруулж байсны дотор улсын нөөцийн барааны, химийн шингэний, изотопын агуулахын аж ахуй, тэсрэх дэлбэрэх материалын агуулах, Комплекс-импорт нэгдлийн иж бүрэн агуулахын аж ахуй гэх мэт олон сайхан агуулахууд ашиглалтад оруулсан нь одоо ч ажилласаар байгаа билээ (14 дэх хуудас).
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол 2022.07.05-ны өдөр хүртэж МТХ-ийн салбарын ахмад ажилтнуудаа хүлээн авч уулзсанд маш их баяртай байна. Дахын Готов дарга Тандаа эрүүл энх, сайн сайхан амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
ü МТХУХ-ны орлогч даргаар ажиллаж байсан О.Санжмятав:
“Ажил үүргийн хуваариар би Төлөвлөгөө-эдийн засгийн хэлтэс, Санхүү, тайлан бүртгэлийн хэлтэс, Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс, Үнийн хэлтэс, Норм, нормативын хэлтэс, Мэдээлэл-тооцооллын төвийн ажлыг хариуцан ажиллаж байлаа (44-р хуудас). ...хангамжийн газруудыг хэрэглэгчдэд аль болох ойр байгуулах, томоохон үйлдвэрийн дэргэд өөрийн агуулахыг байгуулж хангах зэрэг шинэ шинэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг эхний ээлжинд бий болгох явдал тулгарч, түүнийг хугацаа алдалгүй хэрэгжүүлж, хангамжийн үйл ажиллагааг хэвийн явуулах эхний боломжийг бий болгож билээ” гэж (45-р хуудаснаа) бичжээ.
ü МТХУХ-ны орлогч даргаар ажилласан П.Бадрал:
“Б.Ринчинпэлжээ, О.Санжмятав, Д.Гонгор дарга нарын санаачилгаар хангамжийн байгууллагуудын материалаг баазын хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг маш сайхан шийдэж билээ. ...Молом сайд “танай үндсэн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийн эх үүсвэрийг олгоё” гэж тохиролцсоноор агуулахын аж ахуйг эрчимтэй хөгжүүлж байгуулсан юм. ...ингэж шийдээгүй байсан бол ямар ч сайхан зураг-төслөөр шинэ техник технологи нэвтрүүлэх, агуулах сав барьж байгуулах бодлого хэрэгжих боломжгүй болох байсан юм” (257-258 дахь хуудас).
ü МТХУХ-ны орлогч даргаар ажиллаж байсан М.Чимиддорж:
“Цацраг идэвхт бодис: ...одоогийн технологийн хэрэгцээнд хэрэглэх хэмжээ нь нэмэгдсээр байна. Цацраг идэвхт бодис гэхэд л манай арван яамны шугамаар 40 янзын хүчин чадал бүхий зүйл, 600 гаруй ширхэгийг авч хэрэглэж байжээ. ...”Изотоп” конторын баазыг байгуулж билээ. Цацраг идэвхт бодисыг хамгаалалтын олон давхар контейнерт байлгадаг учир овор, жин ихтэй зүйл болдог. Түүнийг ачих, буулгах, хураах болон хадгалах ажиллагааг хүний гар хүргэлгүй-холоос удирдлагатай машин буюу кранаар гүйцэтгэнэ. ...Ер нь хэрэглэсэн цацраг идэвхт бодисын хаягдлыг бүрэн цуглуулж зохих ёсоор хадгалах асуудал дэлхий дахинд тулгарсан хурц асуудал байлаа. ...хадгалах байр нь шаардагдах хэмжээний зузаантай битүү бетон худаг бөгөөд тэнд “Изотоп” хаягдлыг төрөлжүүлэн тавьсан байна. Хадгаламжинд байгаа зүйл нь харуул хамгаалалт, давхар бүртгэл, байнгын хяналтад байх учиртай” гэж (198-199 дэх хуудаснаа) бичсэн ажээ.
ü УМТХХ-ны болон МТХУХ-ны орлогч даргаар ажилласан Д.Гонгор:
ü УМТХХ-ны Зохион бүтээлт, технологийн болон МТХУХ-ны Үйлдвэрлэл-техникийн хэлтсийн даргаар 1974-1985 онд; ЭЗХТЗ-ийн Материал-техникийн хамтын ажиллагааны хэлтэст хоёрдогч түүхий эдийн ашиглалтын асуудал хариуцсан экспертээр 1985-1988 онд... ажилласан, Дамбын Болд:
“1980 онд УМТХХ-ны Үйлдвэрлэл-техникийн хэлтсийн мэргэжилтэн Д.Төмөр, Л.Дорждагва, Ц.Сүхбаатар нар “Агуулахын аж ахуйд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тайлбар альбом”-ыг боловсруулан хэвлүүлж хангамжийн байгууллагуудад түгээж байсан. Л.Дорждагва “...агуулахын талбай, эзлэхүүн ашиглалтын коэффициент; ачаа эргэлт; ачаа боловсруулалт; механикжилтын түвшин; агуулахын ажилчдын хөдөлмөрийн бүтээмж; ачаа өргөх-тээвэрлэх төхөөрөмжийн ашиглалтын коэффицент; нэг тонн ачаа боловсруулалтын өөрийн өртөг зэргийг тооцох шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлал” болон ”Техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ыг тус тус боловсруулж “МТХ сэтгүүл”-д нийтлүүлж системийн байгууллагуудад нэвтрүүлсэн билээ. Л.Дорждагва 1975 оноос ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран МТХ-ийн салбарын байршлын техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн зураг схемийг зурж бичихээс эхлэн хувь нэмрээ оруулж, 1987 оны 12-р сард МХТХУХ, ГЭЗТХУХ, Гадаад худалдааны яамыг нэгтгэх тухай дээд байгууллагын шийдвэрийн дагуу ЭЗГХХЯ түүний харьяа байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн бүдүүвч зураг, схем түүний өөрчлөлт бүрийг тусган зурж бичжээ. “Баглаа боодолтой ширхэгийн барааг агуулахад хадгалах нөхцөл. ТН23-1064-87. БНМАУ-ын Техникийн нөхцөл”-ийг МТХУХ-ны хэлтсийн дарга Б.Баярсайхан, Ахлах мэргэжилтэн Н.Жанчивдорж, МТХУХ-ны харьяа Агуулахын аж ахуйн технологийн зураг төслийн товчооны дарга Ш.Очиржав, инженер-технологич Ч.Хулан, ЗХУ-ын мэргэжилтэн А.Н.Шербаков нар боловсруулан бэлтгэж, Үнэ, стандартын улсын хорооны 1987 оны 1/1026 тоот албан бичгээр зөвшөөрүүлэн, МТХУХ-ны даргын 1987 оны А-183 дугаар тушаалаар батлуулж, нийт 870 ширхэгийг хэвлүүлээд тарааж байжээ” (192-193 дахь хуудас). “...амархан эвдэрч гэмтэх, тэсрэх дэлбэрэх, хортой нөлөө үзүүлэх барааг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр хүргэх”, үүний зэрэгцээ харьяа байгууллагуудад ажиллаж байгаа ачиж буулгах, өргөх, тээвэрлэх машин механизмын засвар, техникийн үйлчилгээг төвлөрүүлэн зохион байгуулах зорилгоор УМТХХ-ны харьяа Автомашин, механизмын баазыг байгуулан..., даргаар нь Ц.Төмөр, инженерээр Дашцэрэн нар ажиллаж, ...тусгай тоноглогдсон машины паркийг бий болгож, ...засварын газар, нүүдлийн засвар үйлчилгээний хэсгийг зохион байгуулан ажиллуулсан юм (193-р хуудас). “...эмнэлэг, геологийн салбарт ашиглагддаг изотоп бодис, түүний хаягдлыг хадгалах зориулалтын агуулах барих талаар ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарсан судалгааны ажил явуулж байлаа” (195-р хуудас).
Д.Болд даргын FB цахим хуудасны илгээгч (messenger) рүү “Изотоп” конторын тухай” дурсамжуудыг 2022.12.18-нд илгээв. Д.Болд даргадаа эрүүл энх, сайн сайхан амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
ü УМТХХ-ны хэлтсийн дарга, МТХ-ийн Туршлага шинжилгээний институтын захирал, МТХУХ-ны хэлтсийн даргаар ажилласан Жамбалын Сэр-Од багш: “Материал-техникийн хангамжийн нэгдсэн системийн хөгжлийн явцад шинэ тутам үүсгэж байгуулсан, салбарын олон талт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг үндсэн бүтцийн нэгж болох Агуулахын аж ахуйн барилга, тоног төхөөрөмжийн угсралтын контор (Серикбай, Т.Халтар), Хил худалдааны нэгдэл (Жамъянсүрэн, Ж.Батхүү), Хоёрдогч түүхий эдийн нэгдэл (Дашцэрэн, Лхагваа, Шагдар), Туршлага, шинжилгээний институт (Ж.Сэр-од), Мэдээлэл тооцооллын төв (Жанчивсүрэн, П.Алтанхуяг), Барилга захиалагчийн товчоо (Буянтогтох), ...Изотоп контор (Л.Дашзэвэг), Харуулын нэгдсэн алба (Б.Очирбат, А.Лайханжав), Байнгын курс (Пүрэвжав, Батсүх, Э.Содномжамц, Г.Орхонтуяа)-тэй байв” гэж 313-р хуудаснаа дурджээ (4). “Изотоп” конторын тухай” дурсамжуудыг 2022.12.17-нд утсаар ярьж Ж.Сэр-Од захиралдаа танилцуулахад өмнөх дурсамжуудад байгаагүй “МТХ-ийн бүтцийн схем”-ийг оруулаарай гэсэн Багш Тандаа эрүүл энх, сайн сайхан амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
Гурав. ЗАРИМ АХМАД АЖИЛТНЫ ДУРСАМЖААС:
Ø МТХУХ-ны орлогч дарга, ЭЗГХХЯ-ны орлогч сайдаар ажилласан П.Бадрал: Тэр үеийн дурсамжаас нь утсаар асууж товчхон бичив. Д.Готов дарга Сайд нарын Зөвлөлийн хуралдаанаас ирээд, өглөөний 10 цагийн орчимд П.Бадрал даргад “Изотоп” конторыг цахилгаан эрчим хүч, дулаанаар яаралтай хангахын тулд “техникийн шаардлагад нийцсэн муфть, зарим холбогч хэрэгсэл”-ийг олох, хийлгэх, угсруулах үүргийг өгсөн ажээ. П.Бадрал дарга Авто засварын завод дээр очиж дарга мастертай нь уулзаад "хэрэгцээт зүйлс"-ийг богино хугацаанд хийлгэж, уг холболт, угсралтын ажлыг нь 23 цагийн турш зохион байгуулж дуусгаад Д.Готов даргад танилцуулахад өвлийн хүйтэнд нойргүй хонож ажилласан П.Бадрал даргыг гэртээ очиж унтаж амар гэж байв. Дээд байгууллагад биелэлтийг нь танилцуулсан ажээ. 2022.12.09.
Ø “Изотоп” конторын дарга, Ерөнхий инженерээр ажилласан Хурц овогт Лувсандоржийн Дашзэвэгийн дурсамжаас:
Тухайн үеийн МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1982 оны 43 дугаар хамтарсан тогтоолд заасны дагуу Монгол Улсын Их Сургуулиас цөмийн физикийн мэргэжлийн 2 хүнийг Материал-техникийн хангамжийн улсын хорооны мэдэлд шилжүүлсний нэгд миний бие тохоогдон 1986 оны 01-р сарын 01-ны өдрөөс “Изотоп” конторын даргаар томилогдсон билээ.
“Изотоп” конторын тусгай зориулалтын барилга байгууламж, агуулах, битүүмжит контейнер (чингэлэг), аюулгүй эрсдэлгүй ачих буулгах, зөөж хураах, хадгалах, хамгаалах технологи, механикжуулалт, тээврийн хэрэгсэл нь иж бүрэн ашиглалтад орж, түүнчлэн МТХУХ-ны даргын зөвлөлийн шийдвэрээр Налайх дахь Тэсрэх материалын агуулахыг “Изотоп” контортой нэгтгэж, аж ахуйн бүрэн тооцооны зарчмаар үйл ажиллагаагаа эхлэн явуулж байв. 1988 оны эхээр материал-техникийн хангамжийн салбарын туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч Д.Хасаг томилогдон ирснээр тус конторын чадавх улам дээшилж, Ажилчны районы (хуучин нэрээр) төсөвт (татвараар) нэг сая хүртэл төгрөг төвлөрүүлэх хэмжээнд хүрч, 4 ажилтандаа тохилог орон сууц худалдан авч өгч, Мэгжид жанрайсэг бурхан бүтээх болон Бөхийн өргөө барихад ...хандив өргөж байлаа. Энэ хугацаанд тус контор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт технологийн горим алдагдсанаас цацрагийн хөнөөл үүсэх болзошгүйд хүрсэн, “Цези-137” үүсгүүрийг өөрийн хүч, хэрэгслээр татан авч аюулгүй болгох, дуулиант “Стронци-90” үүсгүүрийн бохирдлыг татан авч булшлах зэрэг үндсэн үүргээ биелүүлж ирсэн.
Ø МТХУХ-ны Боловсон хүчний хэлтсийн дарга, мэргэжилтэн, “Изотоп” конторын харуулч, харуулын ахлагчаар тус тус ажилласан Товгор овгийн Дамдингийн Хаянхярваагийн дурсамжаас:
Миний бие МТХУХ-ны Боловсон хүчний хэлтсийн дарга, мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад, 1990 онд 60 нас хүрч тэтгэвэрт гараад хоёр сар болж байтал Я.Жамбаа захирал тааралдаад: -Манай харьяа “Изотоп” конторт харуулчаар ажиллаач, тэдний ажилчдын дотор нөлөөлөх ахмад хүн хэрэгтэй байна гэснийг зөвшөөрч харуулч /харуулын хэсгийн ахлагч/-аар ажилласан.
...“Хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт бөх, хорин хүн эвгүй бол эвдэрхий хүрээ мэт хэврэг” гэсэн их хаан Чингисийн сургаалаас болон “Цуварч явсан бараас, цугларч суусан шаазгай хүчтэй” гэх мэт ахмад үеийнхнийхээ үлдээсэн сургаалыг ярианыхаа завсарт их оруулна. Яваандаа цаг хугацааны эрхээр, бие биенээ ойлгодог болж, хамт олон нэгдэн, ажил ч жигдэрсэн юм. Байгууллага маань хотоос зайдуу, том хашаатай, өдөрт дээд тал нь 10 гаруйхан хүн ажилладаг тул өвлийн дулаалга хийх, хагарсан цонх шиллэх, тасарсан холбооны кабель шугамыг ухаж, залгах, суларсан эрэг боолт чангалах, хүйтэн болохоос өмнө хагархай, онгорхой цонхнуудаа шиллэж, нааж, дулаалах, хазайсан болон сугарсан бетон шонгуудыг засах, хашааны тасарсан өргөст торыг залгаж, сэлбэж солих, Конторын хашаанд өндөр ургасан өвсийг гал түймэр гарахаас сэргийлж хадаж цэвэрлэх, Цайны газрын заалны цөмөрсөн шал засах зэрэг ахуйн аар саар ажлуудыг цаг үед нь хамтарч, элдэв асуудалгүй хийдэг болсон билээ. Энд нэг зүйлийг дурьдахад, тэртээх 80-аад онд МУИС-ийг төгссөн Ц.Ургамал, С.Алимаа гээд хоёр охин манай (МТХУХ)-д хуваарилагдан ирээд, АҮМХЕГазарт надаас томилолт аван очиж байсан бол, миний бие тэтгэврийн өвгөн болчихоод “Изотоп” конторт харуулчаар ажиллаж байхад, Ц.Ургамал маань оёдлын цех байгуулж ажиллуулахаар тус газарт томилогдож ирэв. Ингээд би Ургамал дүүгийнхээ цэрэг нь болж, ээлжгүй үедээ гэрийн цагаан бүрээс, ор хөнжлийн даавууны эсгүүрчин, оёдолчин болж, үүндээ цалин хөлс авдаг болов. Ургамал дүүдээ ах нь баярлаж явдаг шүү. Тэр үед зах зээлийн ороо-бусгаа байдлаас болж, өргөн хэрэглээний барааны үнэ байн байн өсдөг, энэ өсөлттэй уялдуулан ажилчдын цалинг нэмж, үнийн өсөлтийн шуурганд биднийг нэрвэгдүүлээгүй нь ТББИХН-ийн захирал Я.Жамбаагийн ач гэдгийг онцлон тэмдэглээд энэхүү нуршуу дурсамжаа өндөрлөе. 2022.12.07.
“Изотоп” конторт ажилласан Ц.Ургамалын дурсамж:
Миний бие, Аж үйлдвэрийн материалын хангамжийн ерөнхий газар /АҮМХЕГ/ нэртэй байх үеээс, “Разноимпэкс нэгтгэл” ХК болтол 1973-2000 онуудад тасралтгүй 27 жил ажилласны 2 жилд нь буюу 1992-1994 онд тус нэгдлийн харьяа “Изотоп” конторт цехийн мастераар ажилласан юм. ...“Изотоп” конторт очоод, гэрийн бүрээс, ор хөнжлийн даавуу, гудас, хөнжил зэрэг ахуйн хэрэглээний оёмол бүтээгдэхүүн, хэвийн боов, боорцог зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ТББИХНэгдэлд жижиг үйлдвэрлэлийн цехүүд бий болох эх суурийг тавьсан билээ. Контор маань хол, тэгээд ч зардлын хямдыг тооцож, ор хөнжлийн даавуугаа хэмжээгээр нь эсгэж, гэрээт хүмүүсээр гэрээр нь оёулдаг байв. Бусад бүтээгдэхүүнийг цехдээ оёдог байлаа.
“Изотоп” контор маань хотоос нэлээн зайтай байрладаг. Үндсэн үйл ажиллагаа нь цацраг идэвхт бодисын захиалга, хадгалалт хамгаалалт, нийлүүлэлт, хэрэглэгчдэд хяналт тавих, хэмжилт хийх гэх мэт биднээс үл хамаарах ажлууд байх ба ерөнхий инженер Л.Дашзэвэг л мэдэж бүгдийг хариуцна. Тусгай зориулалтын агуулах саванд хадгалж хамгаалах бөгөөд бид орж гарах бүү хэл ойртох ч эрхгүй. Дарга нь Ш.Жамчиншарав, ерөнхий инженер Л.Дашзэвэг, нягтлан бодогч Н.Цэцэгээ, агуулахын эрхлэгч У.Өсөхбаяр, харуулын ахлагч Д.Хаянхярваа (намайг МУИС төгсөөд Хангамжийн хороонд хуваарилагдан ирэхэд нутагтаа очиж ажилла гээд байсан нөгөө айхтар боловсон хүчин-ах шүү дээ), механикч н.Алина, оёдолчин Б.Нарантуяа, гэрээт оёдолчин-хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, тогооч Д.Саранцэцэг, ажилчид зөөвөрлөх болон бусад хэрэгцээнд үйлчлэх “Пургон” автомашинтай, жолооч нь Г.Батсайхан, 24 цагийн 3 ээлжийн харуул, галч нар гээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тов хийсэн цомхон аж ахуй байлаа. Цех маань үндсэн ажилчид цөөн, байгууллагын бусад ажилчид ерөнхийдөө өдөр тутам байнгын үйл ажиллагаа бага байх тул зарим боломжтой хүмүүсийг зав чөлөөгөөр нь эсгүүр оёдол, гурил зуурах, элдэх, хайрах зэрэг энгийн ажиллагаанд татан оролцуулж, зохих тарифаар цалин урамшуулал олгодог байв. Энэ нь тухайн үедээ зардлын хэмнэлт байлаа.
Өглөө орой Пургон машинаар ажилчдаа зөөнө. Машиндаа амжиж сууж чадаагүй бол автобусаар ...-ийн эцсийн буудал, цаашлаад явган, эсвэл таксидаж очно. Нэг удаа өвлийн ид хүйтнээр эцсийн буудлаас такси аваад явсан чинь нөгөөх нь замын дунд цасанд суугаад, цас ухаж гаргах гэж баахан оролдоод чадалгүй, би цаашаа явган явж хариугүй бээрч үхэх шахсан амьтан ажил дээрээ очиж, манайхан буцаж нөгөө машинаа гаргаж явуулж байсан нь санаанаас гардаггүй юм. Анх очихдоо би их дургүй очсонсон. Гэтэл намайг, маш найрсаг дотноор хүлээж авсан ажилсаг, цомхон хамт олонтойгоо удалгүй дасан зохицож, буцахдаа нэг ч их баяртай яваагүй юмдаг. Ингээд 1994 онд “Изотоп” конторт эхлэлийг нь тавьсан үйлдвэрлэлийн цехүүдээ өргөжүүлж ажиллуулахаар төв компанид буцаж татагдан ирсэн билээ. 2022.12.07.
Ø МТХУХ-нд Үйлдвэрлэл-техникийн, ЭЗГХХЯ-нд Хөрөнгө оруулалт, агуулахын аж ахуйн механикжуулалтын, Худалдаа, үйлдвэрийн яаманд Техникийн хэлтсийн даргаар тус тус ажилласан Б.Баярсайханы дурсамж:
“Изотоп” конторын барилга угсралтын ажлын явцтай тухайн үеийн МТХУХ-ны Барилга хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга нар, Улсын төлөвлөгөөний комисс (УТК)-ын Их барилгын газрын мэргэжилтнүүдтэй хамт очиж танилцан шаардлагатай арга хэмжээг уламжлан шийдүүлдэг байлаа. 1986 оны намар Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо (ГЭЗТХУХ)-ны багт орж МТХУХ-ны хөрөнгө оруулалттай барилгуудын захиалга хийхээр очихдоо “Изотоп” конторын цацраг идэвхт бодис хадгалах, задлах камерын доторлогооны радиац үл нэвтрүүлэх тусгаарлагч, мөн ийм зориулалттай будгийн захиалга хийж байснаа санаж байна. Ер нь манайдаа анхдагч учраас ярвигтай барилга угсралтын ажил байсан даа. 2022.12.06.
Ø МТХУХ-нд ахлах мэргэжилтнээр ажилласан Н.Жанчивдоржийн дурсамж:
Миний ажлын гол чиглэл бол агуулахын аж ахуйн механикжуулалтын асуудал байсан юм. 1985 оны 12 сард санагдаж байна. Манай хэлтсийг хариуцдаг байсан МТХУХ-ны орлогч М.Чимиддорж дарга намайг дуудаад маргааш дулаан хувцаслаж ирээрэй хоёулаа маргааш гадуур явна шүү гээд хаашаа явахаа хэлээгүй юм. Маргааш нь бид хоёр тэр үед баригдаж байсан “Изотоп” контор, Улсын нөөцийн “Объект №03” руу явж билээ. Энэ хоёр объектыг тэр бүр зарлаад байдаггүй нууцын зэрэглэлтэй, орохдоо тусгай зөвшөөрлөөр нэвтэрдэг, нэлээд холуур татсан төмөр торон хашаатай, Засан хүмүүжүүлэх газрын барилга анги барьж байсан. Ялангуяа “Объект №03”-ын барилга агуулахыг нэлээд чанга дэглэмтэй анги барьж байв. М.Чимиддорж дарга ажлын явцтай танилцаж уг хугацаанд ашиглалтад оруулах шаардлагатай асуудлуудыг шийдэж, ашиглалтад орсны дараах механикжуулалтын асуудлаар намайг судалгаа хийж санал боловсруулах үүрэг өгч, үүний дагуу би санал боловсруулан Материал-техникийн хангамжийн улсын хорооны коллегийн хурлаар оруулж шийдвэр гаргуулсан бөгөөд бүх асуудал оруулсан саналын дагуу шийдэгдэж, одоо санаж байгаагаар “Объект №03”-д зориулж “20 тоннын контейнер 100 ширхэгийг, зориулалтын контейнер ачигч чиргүүл 2 ширхэгийг захиалганд оруулан авч билээ. 2022.12.03.
Ø Материал-техникийн хангамж (МТХ)-ийн Туршлага шинжилгээний институтэд 1980 оноос, МТХУХ-нд 1982 оноос, ЭЗГХХЯ-нд 1988 оны эхнээс зөвхөн салбарынхаа хэмжээнд “тэргүүн туршлага, мэдээлэл, ШБОС (Оновчтой санал-ОС одоогийн Ашигтай загвар-АЗ), хөдөлмөр хамгаалал-аюулгүй ажиллагаа, стандарт, хэмжих хэрэгсэл”, Худалдаа, үйлдвэрийн яаманд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд 1990-2000 онд “зарим барааны улсын нөөцийн төрийн бодлого-төлөвлөлт-зохицуулалт-хэрэгжүүлэлт, барааны хадгалалтын нэгдсэн технологийн боловсруулалт-бодлогын асуудал”-ыг болон Үйлдвэр, худалдааны яаманд 2000-2008 онд “зарим орны экспорт, импортын гол нэрийн барааны статистикийн ба суурь металлын биржийн цахим мэдээний цуглуулалт харьцуулалт цахим түгээлт, зарим хөтөлбөр, төслийн мониторинг” хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажилласан А.Чулуунбатын дурсамж:
МТХУХ-ны Үйлдвэрлэл-техникийн хэлтсийн мэргэжилтэн Л.Цэнд-Аюуш кабелийн муфть холбуулах ажилд оролцож байв. Би “Изотоп” конторын доторх халаалтын зарим нэг хэрэгслийн засвар угсралтын ажлыг маш хурдан дуусгах, далд суваг доторх зэрэгцээ гол шугам хоолойнуудыг хөлдөхөөс сэргийлэх зорилгоор барилга руу орсон “өгөх ба буцах гол хоолой”-г хооронд нь холбосон ямх голчтой богино хоолойн байнгын хаалтыг түр нээж ...циркуляц/эргэлт түр зуур үүсгүүлж байснаа дурсан санав. МТХУХ-ны харьяа “Изотоп” конторын төсөл, бүтээн байгуулалт, хамтын ажиллагаанд оролцсон хүн бүхэнд дурсган өгч байсан жижигхэн тэмдгийг нь одоог хүртэл хадгалж байна.
Тэр үеийн МТХУХ-ны, ЭЗГХХЯ-ны, ТББИХН-ийн харьяа “Изотоп” конторын удирдлага, хамт олон нь “өөрийгээ, бусдыгаа болзошгүй санамсаргүй осол эрсдэлд өртөхөөс; буруу үйлдэл хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлж хамгаалах чадвар эзэмших; гал түймрээс, гамшиг хохирол учруулахуйц аюулаас сэргийлэх зааварчилгаа сургалтад хамрагдаж байсан бөгөөд холбогдох стандарт, техникийн нөхцөл шаардлага, дүрэм, журам, зааврыг мөрдсөөр ирсэн юм. “Захиалга нийлүүлэлтэд’’; “Чингэлэгт”; “Ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгсэлд”; “Ажиллагч бүрийн ажлын байранд’’; ‘’Багаж, хэмжих шалгах хэрэгсэлд”; “Цахилгаан, холбооны сүлжээ, гэрэлтүүлэг, дохиололд”; “Зам, талбайд”; “Технологийн үйл явцад”, “Ачаа өргөх зөөх хураах тээвэрлэх хэрэгсэл машин механизмд”; “Ачаа хүлээн авах, боловсруулах/ иж бүрдүүлэх, хүлээлгэн өгөхөд”; “Өгөгдөл-баримт бүртгэл мэдээний санд”; “Ачааны тэмдэг, хаяг, бүртгэлд”; “Агуулахын барилга байгууламжид’’; ‘’Хадгалалт, хамгаалалтын орчин нөхцөлд” тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага заавартай байв. Үүнээс:
МТХУХ-ны Үйлдвэрлэл-техникийн хэлтсийнхэн холбогдох саналыг тусгаж хамтран боловсруулсан “Материал-техникийн хангамжийн улсын хорооны харьяа байгууллагуудын хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн ариун цэвэр, аюулгүй ажиллагааны шаардлага”-ыг МТХУХ (Б.Ринчинпэлжээ дарга), Тээвэр, Холбоо, Худалдаа, Нийтийн ахуй, Үйлчилгээний ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн Байнгын Зөвлөл (Н.Гэрэлсүрэн дарга) гишүүдийнхээ хамтарсан хурлын 1983 оны 96/119 дүгээр тогтоолын 1-ээс 5-р хавсралтаар тус тус баталж, нийт 102 хуудас эмхтгэл ном гарган хэвлүүлж, харьяа байгууллагуудад мөрдүүлжээ.
Ачаа өргөх, шилжүүлэх ажлыг гүйцэтгэх зориулалттай ган татлага/троссоор нэг, хоёр, дөрвөн салаа гогцоот стропны хэв маяг, эд ангийн үндсэн хэмжээг тогтоож Улсын стандарт (MNS3920-1986)-аар батлуулсан бөгөөд ган татлага сүлжиж, гогцооны элгэвч, гурвалжин мөч хийж строп үйлдвэрлэх, бат бэх чанарыг туршин шалгаж хүлээн авах, хаяглах, савлаж хадгалах, тээвэрлэхэд хэрэглээ болгосон юм (12).
“Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх тэмдэг, түүний ангилал, мөрдөх шаардлага”-ыг МТХУХ-ны Д.Готов дарга 1987 оны А-135 тоот тушаалынхаа хавсралтаар баталж мөрдүүлж байв.
ЭЗГХХЯ-ны П.Очирбат сайд 1988 оны 371 дүгээр, СнЗ-ийн дэргэдэх Улсын стандартын газрын 1988 оны 1/658 тоотын дагуу 413 дугаар тушаал тус тус гаргаж “Цахилгаан ачигч, электро-карын аккумулятор цэнэглэх байрны болон Аккумуляторчны аюулгүй ажиллагааны заавар”, “Угсармал металл тавиур. БНМАУ-ын Техникийн нөхцөл (ТН23-1193-88)”-ийг баталжээ. Түүнчлэн П.Очирбат сайд холбогдох яамдын сайд, хэлтсийн дарга нартай уулзаад өгсөн үүрэг даалгаврынх нь дагуу 1989 оны 12 дугаар сард Химийн хүрээлэнгийн 298, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтын Д/1022, Галын аюулаас хамгаалах газрын 554, Улсын иргэний хамгаалалтын штабын 243 тоот албан бичгээр өгсөн саналуудыг тусгаж, МТХУХ-ны хэлтсийн дарга Б.Баярсайхан зөвлөж, Ш.Цэндбаяр редакторлаж, А.Чулуунбат боловсруулан эмхэтгэж 1990 онд 500 хувь хэвлүүлсэн ”Химийн зарим бүтээгдэхүүний агуулахын ариун цэвэр, аюулгүй ажиллагааны лавлах”-ыг харьяа байгууллагуудад мөрдүүлжээ.
УМТХХ-ны, МТХУХ-ны дарга Б.Ринчинпэлжээ, Д.Готов, нэгдүгээр орлогч дарга Р.Юндэндорж, Д.Бордух, орлогч дарга О.Санжмятав, Д.Гонгор, М.Чимиддорж, П.Бадрал, Б.Мандалсүрэн, Тусгай хэлтсийн дарга С.Доржпалам, Р.Баасанбадам, мэргэжилтэн Х.Дашдорж, ...Ж.Чинзориг, ...нар, Үйлдвэрлэл-техникийн хэлтсийн дарга Д.Болд, Б.Баярсайхан, ахлах мэргэжилтэн Д.Төмөр, Н.Жанчивдорж, Н.Цогбадрах, мэргэжилтэн Л.Дорждагва, Ц.Нямцэрэн, Л.Цэнд-Аюуш, Ш.Дамбажав, Н.Энхтүвшин, М.Ира, А.Даваацэрэн, Б.Бадамгарав, Ш.Очиржав нар, МТХ-ийн хэлтсийн, Төлөвлөгөө-эдийн засгийн, Санхүү-тайлан бүртгэлийн, Гадаад харилцааны, Хуулийн, Боловсон хүчний хэлтсүүдийн дарга, ахлах, мэргэжилтэн нар, “Изотоп” конторын үе үеийн дарга, хамт олон нь дэм дэмэндээ судалгаа хийж, баримт бичиг боловсруулж боломжит зохистой шийдвэр гаргуулан хэрэгжүүлж, барилга байгууламж, агуулахын ТЭЗҮ, зураг төсөл, төсөв хийлгэж, санхүүгийн эх үүсвэрийг батлуулж, машин техник багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийнх нь гадаад захиалга хийж гэрээ контракт байгуулж, хүлээн авч ашиглалтад оруулж, богино-дунд-урт хугацаанд “Изотоп” контор, агуулахын технологийн үйл явцын эрсдэлгүй жигд ажиллагааг хангахын төлөө! санаачилга-мэдлэг аргачлал-ур чадвартай чин сэтгэлээсээ ажиллацгааж, ачааллыг дааж оюуны өмчийнхээ хувь нэмрээ оруулцгаажээ.
Олон улсын худалдааны төв (ITC)-ийн статистикийн мэдээнээс үзвэл:
“HS-Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 903010” буюу “Ионжуулагч цацрагийг хэмжих, шалгах/илрүүлэх аппарат, хэрэгсэл (Instruments and apparatus for measuring or detecting ionising radiations)”-ийн дэлхийн экспорт (E)-ын болон импорт (I)-ын жил тутмын дундаж өсөлт нь 2017-2021 онуудын хооронд үнийн нийт дүнгээрээ E=11% (1.11), I=10%-тай буюу 1.1 дахин хурдтай байжээ (13). Үнийн нийт дүнгээр, 2021 онд “БТКУС:903010”-ын дэлхийн экспортод АНУ 34.6%, ХБНГУ 16.4%, Их Британи 10.9%, Нидерланд 6%, Франц 3.2%-ийг, харин “БТКУС:903010”-ын дэлхийн импортын үнийн нийт дүнгийн 19.2%-ийг АНУ, 13.5%-ийг БНХАУ, 4.7%-ийг Их Британи, 4.6%-ийг Япон, 4.1%-ийг ХБНГУ, тооцоолоход 0.015%-ийг Монгол Улс тус тус эзэлжээ. 2017-2021 онуудын хооронд биет тоо хэмжээгээр тооцоолсон “БТКУС:903010”-ын импортын жил тутмын дундаж өөрчлөлтийг үзвэл, Индонез улсынх огцом их өссөн, АНУ +8%-иар нэмэгдсэн, харин Их Британи -11%, Япон -13% буурсан ажээ (13).
“UN COMTRADE and ITC statistics (13)”-аас БТКУС (Harmonized System-HS)-ийн 6 оронгоор/ түвшин (6 digits level)-ээр, оноор, улсаар нь сонгон түүвэрлэж тэгшитгэл хэлбэрээр бичвэл, t=1, t=2 буюу 2020, 2021 онд Монгол Улсад оруулсан зөвхөн “БТКУС:903010:Ионжуулагч цацрагийг хэмжих, илрүүлэх аппарат, хэрэгсэл”-ийн манай импортын үнийн нийт дүн нь “54.822ln(t)+180” мянган америк доллар болов. Иймд 2021 онд 2020 оныхоос [(54.822ln(2)+180)/(54.822ln(1)+180)]*100-100=21.1%-иар нэмэгджээ. 2021 онд БТКУС:9030-ын манай импортын нийт дүн 2,012.0 гаруй, үүнээс БТКУС:903010 нь 218=(54.822ln(2)+180), БТКУС:903020 нь 117, БТКУС:903031 нь 158, БТКУС:903032 нь 148, БТКУС:903033 нь 221, БТКУС:903039 нь 156, БТКУС:903040 нь 312, БТКУС:903082 нь 178, БТКУС:903084 нь 73, БТКУС:903089 нь 295, БТКУС:903090 нь 136 мянган америк доллар байв (13).Энэ бүхнийг тухайн ажлын байрны хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйг сайжруулахад, ажиллагчдын эрүүл мэндэд анхаарч байгааг харуулахуйц нэгэн үзүүлэлт юм гэж үзэж болох юм.
Дөрөв. ЭНЭ НИЙГМИЙН ҮЕД Ч “ИЗОТОП” КОНТОР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ҮР ДҮНТЭЙ БҮТЭЭЛЧЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙГАА НЬ БАХАРХАЛТАЙ:
Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаас үзвэл, Цөмийн Энергийн Комиссын Ажлын албаны “Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж”-ийн бүрэлдэхүүнд ...Изотоп контор, ионжуулагч цацраг бүртгэх багаж, тоног төхөөрөмжийн нэгдмэл байдлыг хангах, тохируулга хийх лаборатори ажиллана (7)” гэжээ.
Нийтлэлч Б.Цэнддоо 2019.03.11-нд: Манайд хэрэглээд дууссан цацраг идэвхт изотопуудыг яадаг вэ? Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав: “Бид изотоп хэрэглэдэг байгууллагуудад “авсан улс орон руугаа эргүүлэн тушаах” байдлаар гэрээ хэлэлцээр хийхийг зөвлөж байгаа. “...нийлүүлэгч нарт ч боломжтой хувилбар”. ”Яг одоодоо бол манай ажлын албаны Изотоп конторт л хадгалдаг”. Энэ байгууламж маань ...улсын хэмжээнд …төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах чиг үүрэгтэй. Булшилна гэхээр гадны орны цөмийн хаягдал, ашигласан түлш гэж ойлгож болохгүй. Манай хуулиар энэ чиглэлийн үйл ажиллагаа хориотой” (9) гэжээ.
Манай улсад дүрс оношилгоо, туяа эмчилгээ, цөмийн онош зүй, изотоп эмчилгээ нэлээд эрчимтэй хөгжсөөр, цацраг идэвхт материалыг үйлдвэрлэл, эмчилгээ оношилгоо, уул уурхай, геологи хайгуул, хүнс, хөдөө аж ахуй, судалгаа шинжилгээ, сургалт, аюулгүйн хяналт шалгалт зэрэг олон салбарт өргөн хэрэглэж байна (10).
БҮТЭЭН СОЁРХ!
“Изотоп” контор, агуулахын аж ахуйд удирдлагын автоматжуулсан систем, тоон технологи, дэвшилтэт хэмжих шалгах хэрэгсэл, хиймэл оюуны ухаалаг алсын жолоодлогот хэрэгсэл, робот, дрон, шинжлэх ухаан, өгөгдлийн сан, кодчилол, мэдээлэл-техник-программ хангамжийн дээд ололтуудаас хэрэглэх, улмаар эрэлттэй бүтээгдэхүүн, хэрэгсэл, шинэ материалын уян үйлдвэр, “3D хэвлэгч/принтер”, модуль төхөөрөмж, ажлын байруудыг стратегийн төлөвлөлт, хөрөнгийн эх үүсвэрээр үе шат-дэс дараатай зохион бүтээж бий болгох болно гэж өөдрөгөөр бодмой.
Тав. АШИГЛАСАН НОМ, ЦАХИМ ХОЛБООС, МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
1.”Цацраг идэвхт бодисын ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээний тухай” Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1982 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хуулбар -З хуудас.
2.“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1982 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 43 дугаар тогтоолын хуулбар-1 хуудас.
3.”Изотоп” контор байгуулах тухай” БНМАУ-ын Материал-техникийн хангамжийн улсын хорооны даргын 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 296 дугаар тушаалын хуулбар -2 хуудас,
4.“Мартагдашгүй он жилүүд. Дурсамж. Боть I. Эмхтгэсэн: П.Бадрал, Б.Баярсайхан, А.Чулуунбат. Дизайнер: Доржийн Мэндсайхан. Хэвлэсэн: “Мөнхийн үсэг” ХХК-ийн Хэвлэх үйлдвэр. Улаанбаатар: 2007”
5.Мартагдашгүй он жилүүд. Дурсамж. Боть II. 2017. Ерөнхий редактор П.Бадрал. Зохион байгуулж эмхэтгэсэн: П.Бадрал, А.Чулуунбат, П.Алтанхуяг, Г.Эрдэнэбилэг. Улаанбаатар: 2017 он.
6.СЭТГЭЛД МӨНХӨРСӨН ОН ЖИЛҮҮД.1973-1999. Эмхэтгэж хэвлэлд бэлтгэсэн: Ц.Ургамал. Ариутган шүүсэн: Я.Жамбаа. Хэвлэсэн: Гэрэлт судар ХХК-ийн хэвлэх үйлдвэр: 2019 он.
7.Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт: Цөмийн Энергийн Комиссын Дүрэм. https://legalinfo.mn/mn/detail?lawId=206673&showType=1
8.Засгийн газрын 2019 оны 243 дугаар тогтоолын хавсралт: Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм.
9.Нийтлэлч Б.Цэнддоо 2019.03.11-нд Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавтай хийсэн ярилцлага. http://www.baabar.mn/article/g-manlaijaw-tsumiin-energi-bol-ireeduin-khugjliin-neg-tulguur
10.ЦЭК-ын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг хамтран цацрагийн хамгаалалтын сургалт зохион байгууллаа. Эх сурвалж: https://www.nea.gov.mn/news_detail/77e8yAtamv3KdvMa06EpbM
11.Материал-техникийн хангамж: http://hangamjiin.blogspot.com/
12.MNS 3920-1986. Ачаа өргөх тэнжээ. Хэв маяг, үндсэн хэмжээ. Техникийн шаардлага” Боловсруулсан: МТХУХ-ны Үйлдвэрлэл-техникийн хэлтэс. Зохиогчид: Б.Баярсайхан /хэлтсийн дарга/, А.Чулуунбат /мэргэжилтэн/, Оруулсан: М.Чимиддорж /орлогч дарга/, Батлахад бэлтгэсэн: Үнэ, стандартын улсын хорооны гадаад худалдааны үнэ, олон улсын стандартчиллын хэлтэс. С.Даваадорж /хэлтсийн дарга/, Б.Цолмон /мэргэжилтэн/, Г.Нацагдорж /мэргэжилтэн/ https://estandard.gov.mn/standard/reader/955#0-rrjhkrjlmoyeovzz.jpg
13. Sources: ITC calculations based on UN COMTRADE and ITC statistics.
ТӨРИЙН МИНЬ СҮЛД ИВЭЭН СОЁРХ.
МОНГОЛ УЛС, МОНГОЛ ХҮН УЛАМ ХӨГЖИЖ БАЯН ХҮЧИРХЭГ БОЛОХ БОЛТУГАЙ.
А.ЧУЛУУНБАТ
2023.01.03.
П.Бадрал даргын даалгавраар А.Чулуунбат Үндэсний Төв Архивт 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр очиж, төлбөртэй үйлчилгээний цахим хайлтын төхөөрөмжөөр хувилуулсан дөчин жилийн өмнөх
“ИЗОТОП” КОНТОР БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛ, ТУШААЛ:

No comments:
Post a Comment