Monday, February 4, 2019

Ц.Гэлэгжамц: Манай нутагт ганзага барьж золгодог байлаа

Тэр үеийн Улсын материал-техникийн хангамжийн хорооны /МТХУХорооны/ харьяа Архангай аймаг дахь Материал-теникийн хангамжийн удирдах газрын даргаар ажиллаж байсан Ц.Гэлэгжамц гуай: "Манай нутагт ганзага барьж золгодог байлаа". Эх сурвалж: Энхбат, 2019.02.04. http://unuudur.mn/ -эх үүсвэрээс хэсэгчлэн товчилж эш татав:
-Хүүхэд насныхаа Цагаан сарын дурсамжаас хуваалцаач. Ус нутгийнхан тань хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

-Ах нь нас сүүдэр 85 хүрч байна гэхээр наяад жилийн өмнөх Цагаан сарыг мэдэх юм байна. Цагаан сарыг нутаг бүрт, ястан болгон өөр өөрийн онцлогтойгоор тэмдэглэдэг. Манай Архангай аймагт гэхэд гурван өөр байх жишээтэй.
Манай Эрдэнэмандал сумынхан өтгөс буурлынхаа тохойг өргөж, “Та амар байна уу” гэж золгодог. Тэгвэл хойд талын, хуучнаар Далай чойнхор вангийн хошууны сумуудынхан “Сайн оров уу” гэж золгох жишээтэй. Урд тал руугаа Хотонт, Хашаат сумынхан “Цагт сайн оров уу” гэдэг юм. Эрдэнэмандал сумынхныг хуучнаар Заяын шавийнхан гэдэг байв. Зая гэгээн С.Лувсанпэрэнлэй Монголын бурхны шашны гурван тулгуурын нэг нь. Нөгөө хоёр нь
Занабазар, Ламын гэгээн. Манай нутагт хүүхдүүд ахмад хүнтэй ер хоосон золгодоггүй. Миний багад үхрийн ширний өехийгээр хийсэн ганзага барьж золгодог байсан. Ганзагаа бүсэндээ намиртал зүүчихээд айл хэсдэг байж. Золгосон настан ганзагыг нь аваад хариу бэлэг өгнө. Ийм ёс олон газарт байгаагүй бололтой юм билээ. Манай Заяын шавийнханд л байсан юм уу. Ганзага дуусвал айлын өгсөн бэлгээр бусдаасаа сольж аваад золгоод давхиад байна.  Зөвхөн хүүхэд гэлтгүй манай аав хүртэл элдсэн сураар хийсэн ганзага барьж золгодог байсан. Битүүний орой Цагаан сараар бэлдсэн идээ, шүүсээ айл хотлоороо солилцдог байв. Том модон тэвш дээр идээ, шүүсээ тавиад, нар зөв тойроод солилцоод явчихна. Манай нутаг үхрийн дух солилцдог ёстой байсан. Үхрийн толгойны хоншоорыг тасдаад, духыг нь чаначихна. Тэгээд л солилцоно. Манай явуулсан дух солигдсоор байгаад буцаад ирсэн тохиолдол ч бий.
Азаргаа ер унахгүй байж байгаад битүүний өглөө барьж авна. Хөвгүүд азаргаар л айл хэснэ шүү дээ. Аль болох олон айлд очиж золгох гээд хурдална. Айлын баруун талаар өгсөөд бурханд нь мөргөөд, зүүн талд суугаа хөшчүүлээс эхлээд гэр дэх бүх хүнтэй ганзагаа барьж золгочихоод, цар тэвштэй идээ будаанаас нь хүртээд бэлгээ аваад шур хийгээд гараад явчихна.
-Таны хүүхэд насанд ганзага барьж золгодог байж. Тэгвэл одоо мөнгө, хадаг барьж золгодог болсон. Зарим хүн үүнийг шүүмжилдэг. Та ямар бодолтой байдаг вэ?-Орчин цагт мөнгө, хадгаа бариад золгоно биз. Гэхдээ ахиу юм барих гэж зүтгэдэг буруу хандлага бий. Мянган төгрөг бариад золговол шүүмжлээд, 20 мянгатын дэвсгэрт баривал сайшаах маягтай байна. Бэлгэдлээ бодвол мянга, 20 мянгын дэвсгэрт хоёрт ялгаа байхгүй юм.
Ийм байдал нь Цагаан сар хэмээх уламжлалт баяраа булингартуулж байна. Үүнийг мань мэтийн өндөр настнууд, ёс мэддэг хүмүүс шүүмжилдэг. Энэ нь Цагаан сарын баярыг шүүмжлээд байгаа юм шиг зарим хүнд санагддаг байх. Угтаа бол Цагаан сараа биш, буруу хандлагыг нь шүүмжилж буй юм. Цагаан сар дөхөхөөр л хэвлэл мэдээллийнхэн хөгшчүүлээс “Цагаан сараа хангалуун тэмдэглэж байна уу. Тэтгэврийн хэдэн төгрөг нь хүрэлцдэг үү” гэж асуух юм. Нөгөөдүүл нь “Тэтгэврийн зээл авч тэмдэглэж байна. Өрөнд орлоо” гэж ярина. Заавал зээл авч, өрөнд унаж байхаар чадалдаа тохируулаад л тэмдэглэчих хэрэгтэй. Цагаан сарын хамгийн чухал зүйл нь бэлгэдэл. Үүнийг л сайтар бодох хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд архи амсалгүй шинэллээ. Цагаан сарыг цагаан байдлаар нь тэмдэглэж байгаа ухаантай хүн юм уу даа. ...Намайг Цагаан сараа ингэж тэмдэглэхээр дүү нар, хүүхдүүд архи хэрэглэхээ болж байна. Манай Өсөхөөгийнх сүүний хундагануудтай болсон байна лээ. Сүү амсуулаад ёсолдог болж.
Монголчууд Цагаан сараараа бэлгэ дэмбэрэл их боддог. Энэ л агуулгыг нь баримталж, Цагаан сараа ёс дэгтэй, заншлынх нь дагуу тэмдэглэх хэрэгтэй.
-Архи сөнгөхөө болсон гэдэг тань бусдад түгээмээр дэг байна.
-Ер нь архийг хумих хэрэгтэй гэж боддог. Айргаа базаачихсан байгаа. Айргаа сөгнөөд л Цагаан сараа тэмдэглэчихнэ.
...Хүн ирээд золговол алгыг нь дээш харуулах л төдий юм өгөхөд болно. Түүнээс биш, заавал үнэтэй цайтай бэлэг өгөх албагүй. Эдийн засагтаа хор хохиролтой байдлаар Цагаан сараа бүү тэмдэглэ гэж ухуулга хийгээд л байна шүү дээ, би. Бусдаар бол ёс дэгийг сайтар дагах хэрэгтэй. Зурхайчид зам мөрөө гаргахдаа яах ийхийг нь бичээд өгдөг болж. Зам мөрөө гаргахаас эхлээд ёсыг бол сайн баримтал. Харин баян тарганаа харуулах гэсэн хандлагаа гээгээсэй гэж бодож байна.
Өвөг дээдсийн минь эртнээс тэмдэглэж ирсэн Цагаан сар бол нэг талаар баяр цэнгэл, нөгөөтээгүүр, үйл мөрөө цэгнэж дүгнэдэг хугацаа юм. Монголчууддаа хот, хөдөө, хөгшин, залуу ялгаагүй Цагаан сараа ёс заншлаар нь сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй гэж хэлье. Монголчууд ёс горимоо баримтлаад сайхан баярлаж чадна гэж бодож байна.
-оОо-
https://hangamjiin.blogspot.com/p/1955-1972_79.html

No comments:

Post a Comment